Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

“БАДМААРАГ ХАШ” ХХК НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ


ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ГЭРЭЭ





2017.08.01                                                                                Баруун-Урт хот


Нэг талаас Сүхбаатар аймаг, түүнийг төлөөлж аймгийн Засаг дарга З.Энхтөр (цаашид “Сүхбаатар аймаг" гэх), нөгөө талаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Бадмаараг Хаш”ХХК (цаашид “Тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэх) нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) дараах нөхцөлөөр найрсгаар харилцан тохиролцож 2017 оны 08 дүгээр сарын 01-ний өдөр энэхүү гэрээг байгуулав. 
 

Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Энэхүү гэрээ нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт “Ашигт малтмалын тухай хууль” болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, Сүхбаатар аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг туслалцаа үзүүлэх асуудлаар орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулна. 
 

1.2 Энэхүү гэрээтэй холбоотой харилцааг “Монгол улсын Үндсэн хууль”, “Ашигт малтмалын тухай хууль”, “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”, “Хөрөнгө оруулалтын тухай хууль” болон холбогдох бусад хууль тогтоомж, олон улсын гэрээгээр зохицуулна. 
 

Хоёр. Хамтын ажиллагааны зарчим


Талууд дараах зарчмын үндсэн дээр хамтран ажиллана.


2.1 Мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;


2.2 Уурхайн үйл ажиллагаатай холбоотой нөгөө талынхаа хүсэлт шаардлагыг хүлээн авч, цаг тухайд нь шуурхай шийдвэрлэдэг байх;


2.3 Талууд нь бие биенийхээ ашиг сонирхлыг харилцан хүндэтгэж, гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх, хуулийг дээдлэх; 
 

Гурав. Талуудын харилцаа


3.1 Сүхбаатар аймаг болон “Бадмаараг Хаш” ХХК-ийн хоорондын хамтын ажиллагааг нэг гэрээ буюу тус аймагтай байгуулах энэхүү гэрээгээр зохицуулна.


3.2 Талууд нь энэхүү гэрээг байгуулахдаа уурхайн талбай харьяалагдах сум, аймгийн төлөөллийг оролцуулан ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх аймгийн дэд зөвлөлөөр хэлэлцүүлж, тэдгээрээр дамжуулан орон нутгийн ард иргэдийн саналыг гэрээний төсөлд тусган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн баталсан бодлогын баримт бичгийн хүрээнд аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээг байгуулна.


3.3 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн талбай харьяалагдах сумтай гэрээг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллана. 
 

Дөрөв. Засаг даргын эрх, үүрэг


4.1. Энэхүү гэрээний хүрээнд Засаг дарга дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:


4.1.1. Хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, борлуулах үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах нөхцөлөөр тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хангах;


4.1.2 Үйлдвэр, уурхай суурин түүний цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ байгуулах, зам гүүр, барилга байгууламжийн газар олголт, бусад шаардлагатай зөвшөөрлийг олгох, шийдвэрлэх;


4.1.3. Гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, арга
хэмжээний талаар орон нутгийн иргэдэд жил бүр тогтмол мэдээлэл өгч, саналыг нь авах;


4.1.4. Энэхүү гэрээний хэрэгжилттэй холбоотой уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан төсөл, арга хэмжээнээс тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээг сонгож, түүнтэй зөвшилцсөний үндсэн дээр энэ тухай иргэдэд мэдээлэх;


4.1.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зарласан ажлын байр болон бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбогдсон мэдээллийг иргэдэд хүргэн ил тод, нээлттэй хэлбэрээр зохион байгуулах;


4.1.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих;


4.1.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан санал хүсэлтийг төрийн холбогдох байгууллагуудтай хамтран хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, зохих хариуг өгөх;


4.1.8 Энэхүү гэрээнд заасан үүргээс гадуур өөр бусад мөнгөн тусламж дэмжлэг, хандивыг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардахгүй.  


Тав. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг


5.1. Энэхүү гэрээний хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:


5.1.1 Гэрээт талбай болон уурхайн эдэлбэрээс ашигт малтмал хайх, нүүрс олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тээвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг Ашигт малтмалын тухай хууль, бусад холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх;


5.1.2. Ашиглалтын үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулахад орон нутгийн иргэн, хуулийн этгээдийн зүгээс хууль бусаар саатуулах, таслан зогсоосон аливаа үйл ажиллагаа


гарсан тохиолдолд уг асуудлыг зохих журмын дагуу Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьж шийдвэрлүүлэх;


5.1.3 Энэ гэрээний 5.1.2-д дурьдсан “хууль бусаар саатуулах, таслан зогсоох" үйл ажиллагаанд орон нутгийн ард иргэдийн зүгээс Үндсэн хуулиар олгогдсон жам ёсны эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор зохих журмын дагуу холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсан, хуулийн хүрээнд явуулж буй тайван жагсаал, цуглаан үл хамаарна.


5.1.4 Үндсэн үйл ажиллагааг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд аль болох сөрөг нөлөө байгатайгаар явуулах;


5.1.5 Орон нутгийн төр захиргааны байгууллагаас шаардлагатай зөвшөөрөл авах, үйл ажиллагааны тодорхой асуудлаар дэмжпэг туслалцаа авах;


5.1.6. Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэднийг сургалтанд хамруулах талаар орон нутгийн хөдөлмөрийн байгууллагатай хамтарч ажиллан, шаардлагатай ажлын байр болон түүнд тавих шаардлагыг ил тод, нээлттэй хэлбэрээр нийтэд зарлах;


5.1.7. Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, үндэсний боловсон хүчнийг бэлтгэх сургах;


5.1.8. Үйлдвэрлэлийн шаардлагатай дэд бүтэц, барилга байгууламж барих;


5.1.9. Хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ болон үйл ажиллагааныхаа талаар тухайн аймаг, сумын иргэдэд тогтмол буюу жил бүр мэдээлэл өгч байх;


5.1.10. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, ажиллах хүч сонгохдоо тухайн орон нутагт
бүртгэлтэй татвар төлөгч иргэн, хуулийн этгээдэд тэргүүн ээлжинд давуу эрх олгох;


5.1.11 Орон нутгийн хөгжил, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр мөнгөн болон бусад хэлбэрээр хөрөнгө оруулалт хийж, хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих;


5.1.12. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийг биелүүлж ажиллах;


5.1.13. Гамшгийн үед сайн дурын үндсэн дээр тухайн орон нутагт техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчний болон бусад материаллаг туслалцаа үзүүлэх. 
 

Зургаа. Орон нутгийн хөгжлийг дэмжих


6.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Бадмаараг Хаш” ХХК нь тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбай орших аймгийн байгаль орчныг хамгаалах, уурхайг ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, орон нутгийн бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд сайн дурын үндсэн дээр жил бүр 100 000 000 / нэг зуун сая / төгрөгийн тусгай хэрэгцээний зардлыг шилжүүлнэ.


6.2 Уул уурхайн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай бараа, ажил үйлчилгээний ханган нийлүүлэх үйл ажиллагаанд тухайн бизнес үйлчилгээний шаардлага хангасан орон нутгийн аж ахуйн нэгжүүд давуу эрхтэйгээр оролцох ба шаардлага хангасан нөхцөлд компани тэдгээртэй гэрээ байгуулж ажиллана.


6.3 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь орон нутгаас нийлүүлэх бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зах зээлийн үнэ, чанар болон тасралтгүй ханган нийлүүлэх чадавхийг харгалзана.


6.4 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг гэрээнээс гадуурх улс төрийн нам, төрийн бус байгууллагуудаас ирсэн хандив тусламжийн хүсэлтийг хүлээн авахгүй ба энэ талаарх мэдээллийг хамтрагч талд тухай бүр мэдээлнэ. 
 

Долоо. Хамтын ажиллагааны хороо


7.1. Талуудын гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажпыг
зохион байгуулах үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороо (цаашид "хороо" гэх)-г Засаг даргын Тамгын газар, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулж болно.


7.2. Хороо болон олборлох үйлдвэрлэлийн ил тод байдын санаачлагын дэд зөвлөл нь гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. 
 

Найм. Гэрээний хэрэгжилт, гэрээ хүчин төгөлдөр болох


8.1 Гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор тухайн орон нутгийн иргэдэд гэрээ байгуулсан талаар мэдээлэх бөгөөд гэрээ, түүнтэй холбогдсон баримт бичгийг талуудын цахим хуудсанд ажлын 3 хоногийн дотор байршуулна. Гэрээний хувийг ажлын 5 хоногийн дотор аймаг (сум, дүүрэг)-ийн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын дэд зөвлөлд хүргүүлнэ.


8.2 Талууд гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, тайланг 12 дугаар сарын 01-ний дотор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.


8.3 Талууд гэрээний тухайн жилийн биелэлтийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны
өдрийн дотор аймгийн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын дэд зөвлөл болон геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.


8.4 Энэхүү гэрээний нэг жилийн хугацаа гэдэг нь 12 cap ба “жил бүр" гэдэг нь 12 cap
бүрийг хэлнэ “Хагас жил бүр” нь 6 cap бүрийн хугацааг хэлнэ.


8.5 Гэрээний хүчинтэй хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн тусгай дансанд заасан хугацаанд тусгай хэрэгцээний зардлыг шилжүүлнэ.


8.6 Шилжүүлэх хугацаа нь 2017 оны жилд эхний 50 000 000 /тавин сая/ төгрөгийг тухайн жилийн 8 сарын 15-ний дотор, үлдсэн 50 000 000 / тавин сая / төгрөгийг 12 сарын 01-ний дотор шилжүүлсэн байна.


8.7 Дараагийн жилүүдийн шилжүүлэх хугацаа нь жил бүр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсөл, ажил, арга хэмжээнээс гэрээнд заасны дагуу Талуудын зөвшилцөж баталсан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хуваарийн дагуу санхүүжилтийг хугацаанд нь шилжүүлнэ.


8.8 Шилжүүлэх тусгай хэрэгцээний зардлыг нутгийн захиргааны байгууллагын заасан нэр бүхий банкны тоот дансанд шилжүүлнэ.


8.9 Хамтран ажиллах гэрээний хугацаа нь 2017 оны 08 сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу гэрээ баталсан өдрөөс эхэлж 4 жил болно.


8.10 Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож болно.


8.11 Хэрэв холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт орсон нь энэ гэрээг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлөхөөр бол гэрээний нэг тал нь нөгөө талдаа бичгээр мэдэгдэл өгч, тухайн асуудлыг хэрхэн зохицуулах талаар харилцан зөвлөлдөж шийдвэрлэнэ.


8.12 Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд түүний салшгүй хэсэг болно.


8.13 Гэрээг монгол хзл дээр 2 хувь үйлдэнэ. Зайлшгүй тохиолдолд гэрээний хувийг англи
хэл дээр үйлдэж болно.





Ес. Гэрээний хариуцлага


9.1 Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Энэхүү гэрээ нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль тогтоомжоор хүлээсэн бусад үүргээс татгалзах үндэслэл болохгүй.


9.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээ байгуулсан эсэх талаарх мэдээллийг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлнэ.





Арав. Маргаан шийдвэрлэх


10.1 Талууд нь энэхүү Гэрээнээс үүдэн гарах аливаа маргааныг энэ зүйлд зааснаар зохицуулах ба аливаа маргаантай асуудлаар шууд шүүхэд хандахгүй байхаар тохиролцов.


10.2 Гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор маргаан, үл ойлголцол үүсэх тохиолдолд гэрээний нэг тал нь нөгөө талдаа тухайн асуудлыг шийдвэрлүүлэхээр бичгээр мэдэгдэл хүргүүлнэ.


10.3 Мэдэгдлийн дагуу талууд ажлын хэсэг томилж маргааныг ажлын 5 өдөрт багтаан хэлэлцэж, боломжит хувилбараар, эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэнэ.






ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:





НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛЖ,
ЗАСАГ ДАРГА З.ЭНХТӨР


АШИГТ МАЛТМАЛЫН БАИГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛЖ, 
"БАДМААРАГ ХАШ" ХХК-ийн ЗАХИРАЛ ГАО ХАЙФЭН